Эх сурвалж : Ном хэвлэлээс
Яруу тодорхойн хууль. Та өөрийнхөө зорилгыг хичнээн яруу тодоор харж байна, төдийчинээ хурдан биелүүлнэ.
Эн тэргүүний хууль. Таны амьдралын чанар ямар байх нь цаг ашиглалтын эн тэргүүний зорилтууд хичнээн яруу тодорхой байхаас бүхэлдээ шалтгаална. Цаг ашиглалтын хамгийн муу хувилбар бол огт хийх шаардлагагүй зүйлийг маш сайн хийх. "Одоо би цагаа яаж үр ашигтай ашиглах вэ" гэсэн асуулт өөртөө байнга тавьж бай. Ажил дээрээ хийдэг бүх үйлдлээ жагсаан бич. Энэ жагсаалтаа шинжлээд хамгийн чухал ач холбогдолтой 3-5 ажлаа сонгож ав.
Шинэчлэлийн хууль. Ямар нэг шинэ зүйл эхлэхийн өмнө ямар нэг хуучныг дуусгавар болгох ёстой. Та өөртөө хэрэггүй юм уу онцын хэрэггүй болсон зүйлийг хийхээ хэдий хэмжээгээр больж чадвал амьдралаа төдий хэмжээгээр удирдаж чадна. Таны цагаас хамгийн их иддэг ажлуудаа жагсаач бич. Тэдгээрээс алийг нь бүр хийхээ болих вэ?
Хамгийн үнэт капиталын хууль. Таны хамгийн үнэт капитал бол таны орлого олох чадвар. Ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, мөнгө олох чадвар чинь ямар ч хөрөнгөгүй байлаа ч гэсэн таныг хамгийн өндөр амьдралын төвшинд хүргэж чадна. Мэдлэг, дадал бол XXI зуунд орох үнэмлэх. Ирээдүйгээ бод. Ойрын 3-5 жилд та наанадаж өнөөгийнхөө төвшнөөс доошлохгүй байх, цаанадаж илүү өндөр төвшинд гарахын тулд ямар чадвараа туйлын боловсронгуй болгох шаардлагатай байна?
Төлөвлөлтийн хууль. Төлөвлөлтөд зарцуулсан минут бүр биелэлтийн 10 минутыг хэмнэнэ. Амьдралаа эмх цэгцтэй болгож, ойрын ирээдүйд хийх ажил бүхнийхээ дэлгэрэнгүй жагсаалт гарга. Жагсаалтаа нарийвчлан шинжлээд ажиллаж эхлэхийн өмнө эн тэргүүний зорилтуудаа тодорхойл. Зөвхөн хамгийн чухал зүйлийг л хийж сур. Хурдан, сайн хийж сур.
Урамшууллын хууль. Урамшуулал ямагт үр дүнтэй нийцнэ. Танд юуны төлөө мөнгө төлж байна? Юуны төлөө таныг халж болох вэ? гэж өөрөөсөө асууж бай. Хийх ёстойгоосоо илүүг хийхийг хичээ. Ямар чиглэлээр та илүү юм хийж чадах вэ? Хэрэв та авч байгаагаасаа илүүг хийгээд байвал танд өгч байгаагаасаа илүүг өгөх болно.
Дарааллын хууль. Цаг ашиглалт таны амьдралд болж байгаа үйл явдлуудыг дэс дараатай болгоно. Амьдралдаа болж буй үйл явдлуудыг хяналтдаа авч дэс дараа эмх цэгцтэй бай. Ажил амьдралынхаа чанарыг сайжруулахын тулд өнөөдрөөс эхлэн ямар өөрчлөлт хийх вэ?
Хөшүүргийн хууль. Таны хийж байгаа зарим ажил адилхан цаг зарцуулж хийсэн өөр ажлаас илүү үр дүнд хүрдэг. Та өөрийнхөө амьдралд үржүүлэх тэмдэг болох зорилт тавь. Бусад хүмүүсийн мэдлэг, чармайлт, мөнгийг авч ашиглах төлөвлөгөө зохио. Бизнест болон амьдралдаа дэвшил гаргахад чинь туслах ямар хөшүүрэг та санал болгох вэ?
Цаг хугацааны хууль. Бусдаас хурдан ажиллах чадвар таны хамгийн чухал капитал болж чадна. Цаг бол XXI зууны валют мөн. Эн тэргүүний зорилтоо тодорхойлж, чухал ажлыг хурдан, сайн хийх чадвар чинь өнөө үед ямар ч ажлын байран дээр хамгийн өндөр үнэлэгддэг цаг ашиглалтын дадал мөн. Хурдан ажиллах дадал өөртөө төлөвшүүл. Ийм чадварыг хүн төрөлхтний хоёрхон хувь нь эзэмшдэг бөгөөд үүгээрээ бусад 98 хувийг гүйцэж түрүүлдэг билээ.
Дадлагын хууль. Байнгын практик дадлага нь зорилгоо биелүүлэхэд шаардагдах цагийг багасгаж, эцсийн үр дүнг сайжруулна.
Албадлагын хууль. Бүхнийг амжуулахад цаг хэзээ ч хүрэлцэхгүй, гэвч хамгийн чухал зүйлийг хийхэд цаг хэзээ ч хүрэлцэнэ. Хугацаанд хавчигдаад ирэхээр хавигүй илүү үр дүнтэй ажиллах хэрэгтэй болно. Зарим хүн ажил гүйцэтгэх тодорхой хугацаа тогтоож өгсөн цагт л сайн ажилладаг нь үүгээр тайлбарлагдана. Өөртөө зориулж албадлын систем зохио. Тодорхой хугацаа тогтоож, хугацаанаас өмнө биелүүлэх үүрэг ав.
Чармайлтаа төвлөрүүлэх хууль. Хамгийн чухал ажлаа эхэлж дуусгах чадвар таны хөдөлмөрийн бүтээмжийг ямар ч дадлаас илүү тодорхойлно. Хийх ажил хичнээн чухал байх тусам түүнийг эцэст нь хүргэхийн төлөө чармайх хэрэгтэй ба дуусгасны дараа төчнөөн их баяр баясгалан эдэлнэ.
Мэдлэгийн хууль. Та мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлснээр хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж чадна.
Өсөх идэр начин Сумъяабээс
14 years ago
No Response to "Цаг ашиглалтын хуулиуд"
Leave A Reply